Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Алтай сум

2015-10-26

“Балагт дайны хар мөр арилаагүй

Байлдагч Тэгшээ салаандаа ирэхгүй

Баянбал гуайн хүү цэргээс халагдахгүй

Байтаг уулын харуулаас солигдохгүй”

( Пунцагийн Бадарч)

Засаг захиргаа:

Алтай сумын засаг захиргаа 1924 онд Бодончийн голын “Их асгат” гэдэг газар Эрдэнэ уулын сум нэртэйгээр 4 орон тоотойгоор байгуулагдан, Баясгалан мээрэн захирч байсан бөгөөд сумын анхны даргаар н.Янсан ажиллаж, засаг захиргааны  нэгжийг 10-т, 25-тын системтэй болгожээ.

1925 онд засаг захиргааны шинэ хуваариар “Алтай сум” гэж нэрлэсэн байна. 1924-1925 онуудад нам, эвлэлийн үүр, 1928 онд гар үйлдвэрийн артель, 1929 онд мал эмнэлэг, 1934 онд хүн эмнэлэг  зэрэг байгууллагууд тус суманд байгуулагджээ. Сум байгуулагдсанаас хойш сумын даргаар 30 гаруй хүн томилогдон ажиллаж байсан. Алтай сум 1943 онд үйл ажиллагаагаараа сайшаагдан улсад 3 дугаар байр эзлэн, мөнгөн сүлд бүхий Засгийн газрын жуух, Сүхбаатарын цээж баримал, 40,000 төгрөг, шилжин явах туг, улаан булангийн шинэ гэрээр, “Алтайн  хөгжил” нэгдэл  1971 онд улсад 2 дугаар байр эзэлж үүрд хадгалах диплом, 25.000 төгрөг, 1976 онд улсад 3 дугаар байр эзэлж, 10.000 төгрөг, 1981 онд МАХН-ын 60 жилийн ойгоор социалист уралдаанд түрүүлж дурсгалын дипломоор тус тус шагнагдаж байсан хөдөлмөрч,  дайчин уламжлалтай  ажилсаг ард түмэн юм.

Сумын Засаг даргын Тамгын газар нь 1992 оны 10-р сард байгуулагдаж, түүнээс хойш Алтай сумын Засаг даргаар И.Гансүх, Н.Чадраабал, И.Бямбажав, Д.Баатарсүрэн, 2008 оноос И.Бадамсүрэн ажиллаж  байна.

Засаг даргын Тамгын газар нь 11 орон тоотойгоор төр засгийн бодлого шийдвэрийг ард түмэнд түгээж, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн  шуурхай хүргэх, Засгийн газрын болон бүх шатны  Засаг дарга  нарын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхэм зорилготойгоор ажиллаж  байна.


Алтай сум нь монгол орны гайхамшигт нэгэн хязгаар нутаг билээ.

Алтай сум нийслэлээс 1750 км, аймгийн төвөөс 324 км алс, БНХАУ, Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат, өөрийн аймгийн Үенч, Мөст, Цэцэг сумтай хиллэнэ.

Хонь ус, Тахь ус, Бор Чонжийн говьтой. Цагдуултай, Дайргат, Алаг тэхтэй, Халзан бүргэдтэй зэрэг сүрлэг өндөр уулстай. Өвөлдөө -45 хэм хүртэл хүйтэрдэг,  зундаа + 40 хэм хүртэл халдаг эрс тэс уур амьсгалтай нутаг юм.

Алтай нутгийн Бодончийн гол 186 км, Ангирт 60 км урт зам туулан урсана. Тус сумын хүн мал нь 10 гаруй горхи, 20 орчим булаг, 100 шахам худаг уснаас ундаална.

Аргаль, Янгир, Хулан, Хар сүүлт, үнэг, чоно, тарвага, зурам, суусар, мануул, ирвэс, шилүүс зэрэг ан амьтнаар нэн элбэг. Алтай сум Ямаан ус, Алаг тэхтэй, Шилүүстэй, Шат, Элсэн толгой зэрэг газрын усан ба утаат болор, гялтгануур, гуранз, шөрмөсөн чулуу, биндэръяа, Улаанхайрхан уулын төмрийн хүдэр, Хөх булгийн занар, Хонгор хайрханы 13 төрлийн шороон будаг зэрэг үнэт эрдэнэ, байгалийн баялагтай.

Бодонч, Ангиртын үзэсгэлэнтэй сайхан хавцал, Улаан хайрхан, Сэтэр модны агуй, Бодончийн Тэмээ, Нохой, Хун, Хуц, Мэлхий чулуу, Сэнжит хад, Шандын Аргаль чулуу, Халиудай баатрын хөшөө, Ямаан усны бичигт хад, Бодончийн болон Мааньт чулууны бичиг зэрэг эрдэмтэн мэргэдийн сонирхол татсан, үзэсгэлэнт сайхан нутагтай. Харийн дайснаас эх орноо хамгаалан амиа алдаж, түүхэнд мөнхөрсөн домогт эр Б.Билэгт, Д.Даржаа, Монгол Улсын баатар н.Тэгшээ, н.Даваадорж, н.Лхагвасүрэнгийн хөшөө дурсгал, домог түүх өгүүлсэн газрууд, Бор чонжийн эх оронч 25 баатрын бунхан энэ сумын нутагт түүхэн үйл явдлын гэрч болон байдаг.

Хөдөлмөрч, ажилсагаараа алдартай улсын сайн малчин н.Пунцаграаш, Т.Үлэмж, З.Гаваа, Монгол улсын гавъяат тууварчин М.Котоо, улсын аврага малчин Л.Рэгзэн, О.Бавуу, Т.Сүрэн, С.Дамдиндорж, Н.Хөнхөө, Ж.Цэрэндорж нарын алдартнууд Алтай суманд ажиллаж амьдарч байсан билээ. Мөн Б.Бошго, Д.Адууч, Ц.Мудга, С.Шаадай нарын нам, улсын хариуцлагатай алба хашиж нэр дүрээрээ мөнхөрсөн олон хүн энэ сумаас төрөн гарсан юм.

Монгол Улсын спортын мастер, дэлхийн аврага, улсын начин А.Баатархүү, гавъяат дасгалжуулагч, алтан шүгэлт А.Басхүү, эрдэмтэн Д.Найдан, М.Шинэхүү, Н.Сүхээ, Д.Лайж, Ц.Цэндсүрэн, А.Баатаржав, Д.Баатар, Б.Цагаан нар нутаг ус, Алтайчуудынхаа бахархал болж байна.


Захчин хэмээх нэр нь эрхэлж байсан ажилтай холбоотой үүсчээ.

Ойн иргэдээс гаралтай ойрдууд дөрвөн хаантай, 66 хошуутай, Ил Тарвагатай, Ижил сайр, Хар мөрөн хүртэл нутаглаж, Угалзын эврээр сийлж хийсэн алтан сүмтэй байсан бөгөөд голдуу мал аж ахуй, ан агнуураар амьдарч түүхийн урт хугацааг өнгөрүүлжээ. Судлаачдын тогтоосноор зүүн гарын хаант улсын хил хязгаарыг сахин хамгаалж харуулын үүргийг Галдан бошгот хаан анх ойрдын тайж нарын хувийн хэвшил “анги” хэмээхээс цөөн тооны албат өрхийг татан авч нийлүүлээд улсын зүүн өмнөд хил мануулсан гэдэг. Сурвалж бичигт дурдсанаар 18-р зууны эхэн үед зүүн гарын хаант улс болон Уйгар, Киргизийн угсааны Ханлиг улс , Халх монголтой хил залгаж Тэнгэр уулын, Ар өвөр , Эрээн хавирга, их бага Жултас, Булингар, Өрөнгө, Чингэл, Булган, Илийн голуудын саваар нутаглаж улсынхаа зүүн өмнө зүгийн хилийг харгалзан сахиж байсныг “захчин” хэмээн нэрлэжээ. Зах гэдэг нэр үгэн дээр эрхэлсэн ажил мэргэжлийг заасан ерийн нэр бүтээдэг “чин” дагавар залгаж Захчин хэмээх ястны нэрийг бүтээжээ гэж эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг. Ийнхүү захчин нэр нь ястангуудын нэрэнд багтаж орсон түүхтэй юм.


Захчингууд 1700 оны үед уугуул нутагтаа суурьшжээ.

1755-1758 онуудад өвгөн Мамууд захчин хошууг удирдаж байхад захчны 2500 өрх 650 мянган хүн байсан бол 4 жилийн дайн тулалдааны тэмцлээр 622 өрх 2305 хүн үлдэхэд захчны газар нутгийг дахин хувааж Байтаг ,Хавтаг, Зэргийн шар хулсанд нүүлгэн нутаглуулснаар одоогийн Үенч, Алтай, Зэрэг, Манхан сумууд ийнхүү уугуул нутагтай болжээ. 1760 онд Ховд хотод Манжийн амбан суурьшин сууж 1777 онд захчин хошууг Засагт хаан аймгийн захиргаанаас гаргаж Ховдод томилогдсон Манжийн амбаны шууд харьяалалд шилжүүлсэн байна. 1911 онд Манжийн төрийг түлхэн унагааж, Богд хаант улс байгуулагдаж, эрх мэдэл, засаг захиргаа, эдийн засаг, нийгмийн бүх хүрээг өөрсдөө бие даан явуулах болсон. Ингэснээр дараа онд нь захчин 2 хошуу болгон хойд хошууг Цэцэн гүний хошуу, урд хошууг Бэйлийн хошуу гэж нэрлэн Хар ус нуурын хөвөө, Ямаат улаанаас Алтан тээлийн хөндий, Алтайн нурууг дамжин Хавтаг, Байтаг, Тахийн шар нуруу хүртэлх газар нутгийг эзэмшүүлж, хойд Цэцэн гүний хошууг Боохоон Самбуу, урд захчин бэйлийн хошууг Мижиддоржийн хүү гүн Цэрэндорж нар захирсан түүхтэй юм.


Ард түмний саналаар Алтай нэрийг авсан

Манай Алтай сум нь 1924 онд Бүрнээ сумтай нэгдэж / одоогийн Зэрэг сум / Баясгалан Мээрэн захирч байсан. Бодончийн голын “Их асгат” гэдэг газар “Эрдэнэ уулын сум” нэртэйгээр анх засаг захиргааны 4 орон тоотойгоор дарга Т.Янсангаар удирдуулж, засаг захиргааны нэгжийг 10-т, 25-тын дарга нараар дамжуулан ажил албаа эхэлсэн түүхтэй. Манай сумын иргэд Алтай хааны өврөөр нутаглаж алт эрдэнэтэй Хайрхан уулаа шүтэн биширч алт гэсэн үгнээс эх авч унасан газар угаасан рашаант голоо алтнаас илүү үзэж , Орос, Хятад, Монгол 3 гүрний хилийн уулзвараас эх авсан Алтайн их нурууны өвөр дээр байгуулагдсанаа бэлэгшээж 1925 онд засаг захиргааны шинэ хуваариар Алтай хайрхан сумаа өөрчилж ард түмний саналаар Алтай сум гэж нэрлэжээ. Үнэхээр миний төрсөн Алтай сум алт эрдэнэс, ан амьтнаар баялаг. Сум анхандаа гэр контортой нүүдлийн байдлаар Олон-Ендэр, Ялаат, Буулт, Арал, Хөх толгой зэрэг газруудад түр байрлаж явсаар 1945 онд Бодончийн Бор үзүүрт төвлөрөн 64 жил суурьшаад 2009 онд Боомын аманд нүүж ирж төвлөрөөд байна. 1924-1925 онуудад сумын засаг захиргаа, нам эвлэлийн байгууллагууд, 1928 онд гар үйлдвэрийн артель, 1929 онд мал эмнэлэг, 1934 онд хүн эмнэлэг, 1940 онд сургууль байгуулагдсан түүхтэй юм. 1955 онд “Алтайн хөгжил” нэгдэл, 1962-1963 онуудад хүүхдийн цэцэрлэг, ясли, 1964-1965 онд мал, хүн эмнэлэгийн салбар, 1973 онд 8 жилийн сургууль, 1990 онд 10 жилийн сургууль, 1970-аад онд засаг захиргаа, хүн мал эмнэлэгийн их эмчийн салбар, шуудан, холбоо, ахуйн үйлчилгээний салбар, клуб, соёл олон нийтийн төв байгуулагдан өргөжиж бэхжсэн юм.


Алтай нутгийн үзэсгэлэн гоо

Алтай сум нь Монгол орны баруун урд захад орших бөгөөд Улаанбаатараас 1750 км, Ховд хотоос 325 км, хилийн Ярант боомтоос 120 км зайтай. Урдуураа БНХАУ, баруунаар Үенч, хойд хэсгээр Мөст, зүүн, зүүн хойгуур Цэцэг, Говь - Алтайн Тонхил сумуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэр 13.1 мян,км2 бөгөөд, уул, говь, цөлөрхөг байгалийн бүслүүртэй болно. Алтай нутгийн хамгийн өндөр цэг нь Цагаан тэмээтийн оргилт. Эх газрын эрс тэс уур амьсгалтай.

Бодонч, Ангирт, Барлаг, Бураат, Цагдуултай зэрэг голуудтай, Тахилт, Халиуны хар булаг, Аршаант, Наран, Зээг, Бунхант, Талын булаг, Хиагтын Орлогын амны рашаанууд элэг, цөс, ходоод, гэдсэнд зохимжтой зэрэг 30 гаруй булагтай. Шилбулаг, Хатуугийн ус, Ямаан ус, Аргаль шанд, Задгай ус зэрэг 20-иод горхи, шанд Алтайн уулс Их бага Хавтаг, Тахийн шар нурууны бэл хормойгоор элбэг тохиолдоно.

Нутгийн хойд хэсэгт эх төрмөл, кембрий-силурийн галавын, өмнөд хэсгээр девон галавын бялхмал, хувирмал чулуулаг тархжээ. Геологийн янз бүрийн насны чулуулаг хурдастай холбоо бүхий ховор, холимог, үнэт металл болон хагас эрдэнийн чулуу гялтгануур, давсны нөөц бүхий орд илэрцүүд элбэг бий. Тарвага, зурам, үнэг, чоно, суусар, ирвэс, шилүүс, цоохондой зэрэг мэрэгч амьтад байхаас гадна тас, ёл, бүргэд, хойлог, ахууна, ногтруу зэрэг жигүүртэн шувуутай. Говийн хоолой хөндийнүүдэд замба, зараа, могой, гүрвэл, мэлхий болон сонин хорхой шавьж нэн элбэг үзэгдэнэ. Өндөр уулсын бүсэд вансэмбэрүү, алтан гагнуур, рээгомбо, гишүүнэ дайралдаж байхад говь нутагт таана хөмүүл, хулангийн ундаа, чихэр өвс, мөнх ногоон зээргэнэ зэрэг эмийн цэцэгт ургамал, гоёо, сульхир болон хармаг, тошлой, хад жимс элбэгтэй. Харгана, арц, далан хальс, нохойн хошуу, яргай, тавилхай зэрэг бутлаг ургамал ерхөг, хялгана, ботууль, агт, шаваг, шарилж гэх мэт бэлчээрийн ургамал тал хөндий, уулын бэл, нугад ихээр ургадаг. Говь цөлөрхөг газруудад хайлаас, сухай, хонхот харгана, тосон торлог, заг, тэсэг, загзмал, багалуур, улаан бударгана зэрэг ургамалтай болно.


Бидний бахархал болсон нутаг ус, хүн ард

Манай сум нь Ховд аймгийн газар нутгийн зүүн өмнөд хэсэгт оршдог Алтайн нуруунаас Хавтаг, Тахийн шар нуруу хүртэлх уул тал, говь газрыг хослосон уудам нутагтай. Газар нутгийн уудмын хувьд аймагтаа 1-р, улсад 2-р байранд ордог. Монгол улсын алдартай гучин гурван говь байдгийн таван говь /Хонин ус, Тахь ус, Ёлхон, Бор Цонж, Хуурайн говь / буюу их говийн дархан газрын “Б” хэсэг манай нутагт харьяалагддаг. Их говийн дархан газрын баян бүрд бүхий тансаг сайхан говиудад дэлхийд ба монголд ховордсон тахь, хулан, хар сүүлтийн сүрэг, заг, тооройн төгөлүүд нь аялал жуулчлал, гадны хүний нүд булаах нь бахтай.

1939-1945 оны халхын голын байлдаан, Ховдын баруун хязгаарын осваны дээрэмчдийн зэвсэгт халдлага, тулгаралтанд ард иргэд хилийн цэрэгтэй хамтран эх орноо хамгаалж явсан түүхтэй. Б.Билэгт, М. Магнай, Г.Хоовой, Т.Бордух, Б.Түдэв, Б.Мишэг, Ч.Хорлоо, М.Жаргал, Б.Пүрэвжал, Р.Шоосонз нар нь тэр үед цэргийн албыг нэр хүндтэй хаасан ахмад дайчид юм. Эдгээр ахмад дайчид дотроос халхын голын байлдаанаас П.Чимэд, Д.Эрхэмбаяр, Т.Сунгарав, П.Норов, С.Шуумар, М.Павагжав, Д.Цэдэв нар байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.

Мөн манай сумаас АИХ-ын депутатаар 6 удаа сонгогдсон МУ-ын баатар, хурандаа генерал Б.Цог, хурандаа С.Шуумар, Н.Бээжин, Н.Бөхчулуун, З.Сэрчинжав, Э.Гантулга, дэд хурандаа Д.Адууч, Д.Хонгоо, Б.Цэгмид,Ч.Цагааннохой, Н.Лхамаа, Х.Ганболд, М.Баатарсүрэн, З.Мягмаржав нарын хүмүүс цэрэг, цагдаа, хилийн цэргээс төрсөн нь бидний эх оронч - дайчин уламжлалыг батлан харуулж байгаа юм.


Хөдөлмөрч ард түмэн

Алтай сумын малчид мал маллах талаар арга туршлагатай, олон зуун жил үе улиран уламжилж ирсэн түүхтэй. Ардын хувьсгалын анхны жилүүдэд 3000 толгой малтай Аамуу, 500 хар зүсмийн тэмээтэй Л.Арваг, 300 тэмээтэй Хулгана, арваад азарга адуутай Балдандэмч нарын айл өрхүүд байсан бол 1948-1952 оны анхдугаар 5 жилийн мал өсгөх төлөвлөгөөг 129 %, 2-р 5 жилийнхийг 109%, 3-р 5 жилийнхийг 107%, 4-р 5 жилийнхийг 114%, 5-р 5 жилийнхийг 108%-иар тус тус биелүүлсэн юм. Ардын засгийн жилүүдэд М.Пунцаграаш, З.Паваа, Т.Үлэмж, М.Довжуу нар малаа 1000-3000 толгойд хүргэж эрээн цоохор майхан, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, 5 хошуу малын дүрс бүхий цул мөнгөн цутгамал бүхий “Улсын сайн малчин” цол тэмдэгээр шагнагдсан байдаг.Тус сум нь 1943 онд ажлаараа улсад 3-р байр эзлэн мөнгөн сүлд бүхий засгийн газрын жуух, Сүхбаатарын цээж баримал, 40000 төгрөг, шилжин явах улаан туг, улаан булангийн шинэ гэрээр шагнагдаж байсан бол социалист уралдаанд “Алтайн хөгжил” нэгдэл 1971 онд улсад 2-р байр эзэлж, 1976 онд улсад 3-р байранд орж, 1981 онд МАХН-ын 60 жилийн ойгоор социалист уралдаанд түрүүлж байсан нь бүтээлч хөдөлмөрийн хамт гэдгийг маань илтгэж байгаа. Манай сумаас улсын сайн малчин 4, улсын аварга малчин 7,мянгат малчин 12, эрдэмтэн докторууд 19, гавьяатууд 8 төрсөн юм.


Өнөө хүртэл уламжлагдан ирсэн зан заншил

Захчингууд олон зуун жилийн туршид хэвшсэн мэндлэх, хүндэтгэх, зочлох, нүүдэл хийх гээд олон тогтсон ёс заншилтай. Насаар дүү ба гаднаас ирж буй зочин хүн эхэлж мэндийг асуух ба цагаан сараар золгоогүй бол нас ахмад хүндээ үнсүүлж золгодог. Өврөөсөө хөөрөг гарган улирлын байдлаар мэндийг асууна.Өндөр настай хүн айлд байж байвал элдэв завхай үг хэлэх, хараах, хөндлөнгийн үгэнд оролцохыг цээрлэдэг. Ер нь настангуудын дэргэд тамхи татах, архи уухыг аль болох цээрлэх ба шаардлага гарвал настангуудаас зөвшөөрөл авдаг. Айлд зочилсон эрэгтэй хүн бол баруун талд, эмэгтэй хүн бол зүүн талд гэрийн баганаас их дээшлэхгүй намба төрхтэй зөв суудлаар суудаг. Айлд явган суух, сөхрөх, завилах, хөл ачих суудлаар суух ёсгүй. Захчингууд үр хүүхдэдээ бага балчираас нь гэр ахуй мал аж ахуйн ажилд сургах тухайлбал таван хошуу малд хайртай, ажилсаг, хичээнгүй, хөдөлмөрч, зөв хүмүүжилтэй болгоход онцлон анхаардаг.

Өөдлөхөд санаж сэтгэх

Уруудахад унтаж идэх

Эрт босбол нэгийг бүтээх

Орой унтвал нэгийг сонсох

гэх зэргээр үр хүүхдээ ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, аж амьдралын учир утгыг зөв ойлгуулж мэдүүлэхэд энгийн жишээ хэрэглэдэг.

Хурим найр хийхэд айл саахалт, ахан дүүс уригдан, найрчид цугларан цай идээ зоогоор дайлан ууц шүүс хөндөж бүх хүмүүст мах шүүснээс хүртээдэг. Найрчид хамгийн өндөр настай буюу найрын ахлагчийн үгнээс огт гардаггүй. Найрын ахлагч найрыг эхлэхээс аваад дуусахыг хүртэл ёс дэгийг чанд баримтлан зөрчил зохисгүй байдлыг зохицуулдаг. Сөнч, аягач нар найрчдад хундага дугараа өргөн ёс төртэй уртын дуугаар эхэлдэг. Энэ дууг хагас дутуу дуулж болохгүй. Тухайлбал овоо тахихад “Баян цагаан нутаг”, “Зуслантай Алтай”, найр ид өрнөхөд “Жаргалант хээр морь”, бэрийг гэрээс авч гарахад “Унаган биетэй улаан” зэрэг дуугаар ая өргөдөг заншилтай. Захчингууд таван хошуу малаа эрхэмлэн хүндэтгэдэг. Тэр дундаа унасан морио хараах, толгой цээж рүү нь цохихыг туйлаас цээрлэдэг.

Гэр бүрэх, хурим хийх, овоо тахих, мэндлэх, зочин угтах хүндэтгэн үдэх ёс, нүүдэллэх, тариа тарьж хураах, найр наадам хийх зэрэг нь өөрийн гэсэн дүрэм журам жаягтай. Мөн өвөрмөц хувцас дуу хуур, хэл ярианы аялгуутай. Алтайчууд дээрх олон ёс заншил, соёл урлагаараа аймагтаа тэргүүн байранд ордог сум юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%