Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын ажиллах журам

2014-11-22 20:37

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар

                                                       сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолын

                                                           1 дүгээр хавсралт

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ

                                                                                    “ИРГЭНИЙ ТАНХИМ”-ЫН АЖИЛЛАХ  ЖУРАМ

Нэг: Нийтлэг үндэслэл

Төрийн бодлого шийдвэр, Алтай сумын ИТХ-ын бодлого шийдвэрт   иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах,  иргэдийн санал бодлыг шийдвэр гаргагчид сонсох, олон нийтийн оролцоог хангах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр: Зорилго, үйл ажиллагааны зарчим

2.1. Иргэний танхимын зорилго нь хөтөлбөр, дүрэм, журам, шийдвэрүүдийн төсөлд иргэд байгууллагаас гарсан санал, шүүмжлэл, мэдээлэл хүлээн авах замаар төр засгийн болон орон нутгийн түвшинд гарах шийдвэрийг сайжруулах, шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах явдал юм.

2.2. Иргэний танхимын бүх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна.

2.3. “Иргэний танхим”-д болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана. Төсөлд өөрчлөлт оруулах, шийдвэрийг гаргахдаа “Иргэний танхим”-д болсон хэлэлцүүлгийг үндэслэнэ.

Гурав: “Иргэний танхим”-ын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт

3.1. “Иргэний танхим”-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байх бөгөөд оролцогч тал, асуудал оруулагч тал, зохион байгуулагчаас тус тус бүрдэнэ.

3.2. “Иргэний танхим”-д хэлэлцүүлгийн бус цагаар сургалт, сонсгол, зөвөлгөөн, уулзалт  гэсэн үйл ажиллагааг зохион байгуулж болно.

3.3. Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, ИТХ-ын ажлын алба, хороод, Засаг дарга, тэдгээрээс байгуулагдсан ажлын хэсгүүд байна.

3.4. “Иргэний танхим”-ын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулагч нь ИТХ-ын ажлын алба байна. Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал мэдээлэл авах, хэлэлцүүлгийг зохион байгуулах, мэдээллийг цуглуулж эмхэтгэх, саналыг ангилж бэлтгэх, асуудал оруулагч талын тайлан мэдээлэл бэлтгүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

Дөрөв: “Иргэний танхим”-д хэлэлцэх төслийг олон нийтэд зарлах

4.1. Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь хэлэлцүүлэх төслийн агуулга, үндэслэл, танилцуулгыг 14 хоногийн өмнө “Иргэний танхим”-ын ажлын албанд өгнө.

4.2. “Иргэний танхим”-ын ажлын алба хэлэлцүүлэх төсөл, хэлэлцүүлэг болох хугацааг нээлттэй хэлэлцүүлэг болохоос 3 хоногийн өмнө нийтэд зарлана.

Тав: Хэлэлцүүлэгт саналаа ирүүлэх

5.1. Хэлэлцүүлэгт оролцогч нь хэлэлцүүлэг зарлагдмагц дараах хэлбэрээр санал шүүмжлэл, байр сууриа илэрхийлнэ.

·         Хэлэлцүүлэх гэж буй асуудлын талаар өөрийн байр суурийг илэрхийлэхэд хангалтгүй мэдээлэлтэй байна гэж үзвэл “Иргэний танхим”-ын ажилтан, ИТХ-ын ажлын алба, асуудал оруулагчдад хандаж нэмэлт мэдээлэл авч болно.

·         Санал бодлоо “Иргэний танхим”-ын ажлын албанд биеэр ирж танилцуулж болно.

·         Өөрийн үзэл бодол, саналаа утсаар хэлж болно.

·         Санал бодлоо бичгээр ирүүлж болно.

Зургаа: Хэлэлцүүлгийн бэлтгэл хангах

6.1. Асуудал оруулагч нь хэлэлцүүлэх төслийн талаар ирсэн саналыг нэгтгэж, санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган “Иргэний танхим”-ын хэлэлцүүлэгт бэлтгэнэ. “Иргэний танхим”-ын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол уг асуудал оруулагч өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.

6.2. “Иргэний танхим”-д болох хэлэлцүүлгийн танхимыг бэлтгэх, хэлэлцүүлгийн үеийн тэмдэглэл хөтлөх, холбогдох хүмүүсийг урьж оролцуулах ажлыг “Иргэний танхим”-ын ажилтан хариуцна.

6.3. Хэлэлцүүлгийн үеэр видео материал, үзүүлэн таниулах материал байрлуулах, компьютерээр үзүүлж танилцуулах материалыг ажлын албанд 2 цагийн өмнө ирүүлж бэлтгэл хангуулсан байна.

6.4. Хэлэлцүүлгийн үеэр дарааллыг тогтооход хэрэглэгдэх жагсаалт, бүртгэлийг ИТХ-ын ажлын албанаас гаргасан маягтын дагуу хийж гүйцэтгэнэ.

6.5.Ижил байр суурьтай иргэд дундаасаа төлөөлөл сонгож хэлэлцүүлэгт оруулж болно.

6.6.Хэлэлцүүлэгт оролцох иргэд хэлэлцүүлэг болохоос 1 хоногийн өмнө ИТХ-ын ажлын албанд бүртгүүлсэн байна.

6.7.Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээлэл өгч чадахуйц төлөөллийг урилгаар оруулж болно.

Долоо: Хэлэлцүүлгийн дэг

7.1. Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга болон нарийн бичгийн дарга нээж, даргалах хүний нэр, албан тушаал, оролцож буй бусад албаны хүмүүс хэлэлцүүлэх төслийн нэрийг танилцуулна.

7.2. Хэлэлцүүлэгт оролцохоор бүртгэлд хамрагдсан иргэд хэлэлцүүлэг эхэлснээс хойш 10 минут хоцорсон тохиолдолд хэлэлцүүлэгт оруулахгүй.

7.3. Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын хугацаа, нэг хүний үг хэлэх хугацааг тус тус тогтооно. Үг хэлэх дундаж хугацаа 3-5 минут байна.

7.4. Хэлэлцүүлэх төслөө танилцуулна.

7.5. Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтооно.

7.6. Оролцогчид үг хэлж байр сууриа илэрхийлж дууссаны дараа асуудал оруулагч талаас оролцогчдод болон урилгаар оролцож буй хүмүүст хандан асуулт тавьж хариулт авч болно.

7.7. Асуулт хариулт дууссаны дараа хэлэлцүүлэгт оролцогчид болон асуудал оруулагчдын зүгээс санал дүгнэлт хэлнэ. Ингэхдээ нэг хүнд 3-5 минутын хугацаа олгоно

7.8. Хэлэлцүүлэгт оролцогчид бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, хашгирах зэрэг бусдыг үгээ чөлөөтэй хэлэхэд саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг даргалагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлбэл “Иргэний танхим”-ын ажлын алба оролцогчийг танхимаас гаргана.

7.9. Даргалагч хэлэлцүүлгийг хааж үг хэлнэ.

Найм: Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах

8.1. “Иргэний танхим”-ын нээлттэй хэлэлцүүлгийн бүх хэлбэрээр санал авч дууссаны дараа 7 хоногт багтаан эцэслэн боловсруулж ИТХ-ын даргад танилцуулна.

8.2. “Иргэний танхим”-д хэлэлцүүлсэн төслийн талаар ирүүлсэн санал тухайн төслийн шийдвэрт хэрхэн туссаныг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулна.

Ес: Бусад зүйл

9.1. Хүндэтгэн үзэх шаардлагын улмаас  “Иргэний танхим”-д болох хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга хойшлуулах буюу цуцалж болно.

9.2. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Иргэний танхим”-ын ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

  

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД


2014-11-22 20:37

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 32
  • НИЙТ:
  • 4 667
Сумдууд